Үзэмчин ардын түүх

       Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн узэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийхэн нутаглана.
Үзэмчин гэдэг нэрийн гарлыг "үзэмтэй" газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу "үзмэрч төлөгч" байснаас ийм нэр олсон гэх ба "үзүүртэй хурц шулуун" гэсэн утгатай үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу /Чингис/ хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэмшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун зүүн хоёр гар болгон хуваан, ХҮI-ХҮII зууны заагт халхын Сэцэн хаанд захируулжээ. Дараа нь Өвөрмонголд харьяалагдан байсаар Манж улс Өвөр монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.
     Ингээд үзэмчинд хошуу сумын зохион байгуулалт хийхэд баруун гар нь "Их" үзэмчин, зүүн нь "Бага" үзэмчин хошуу гэгджээ. Үзэмчин нь Өвөрмонголын Шилийн голын чуулганд харьяалагдан байгаад, 1945 оны өвөл нэг хэсэг нь БНМАУ-д шилжин ирж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ.
Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан зүүн Үзэмчин /Дорж ноёны албат явсан/ нь 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэн баян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд үзэмчингүүд харьяалагдах болсон байна.
Баруун Үзэмчнээс ирэгсэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа суурьшжээ.
Нутаг дэвсгэр 23 мянган ам.км. Нийтдээ 73 мянган хүн амтайгаас, 68.8 хувийг монгол үндэстэн эзэлдэг. Эрхэлдэг гол аж ахуй нь мал аж ахуй. Нүүрс, зэс, мөнгө, төмөр, хар тугалга, цайр, гантиг, хайлуур жонш зэрэг байгалийн баялагтай. Засаг захиргааны хувьд Баруун үзэмчин хошуу нь 12 сум, 3 суурин, 1 сангийн аж ахуйгаас бүрдэнэ. Баян-Уул суурин бол хошууныхаа улс төр, эдийн засаг, соёл, зам харилцаа, холбоо, мэдээллийн төв нь юм.
Баруун үзэмчний хөдөө нутаг нь тал нутгийн нүүдэлчин үндэстний өлгий нутаг бөгөөд үндэсний соёл уламжлал, уртын дуу, үзэмчин ардын хувцас чимэглэл, уламжлалт бөх зэрэг уламжлалт соёл ахуйгаа өнөө хир хадгалан хамгаалсаар ирсэн билээ.

Үзэмчин ардын хувцас
Үзэмчний дээлийн зах, эн эр хоёрын залгаанд (нутгийн хүмүүсийн ярьдгаар амьсгал) догол гаргадаг бөгөөд зах нь өргөн байдаг. Заримдаа дээлийн захыг эргүүлж өмсдөг тэгэхдээ гадагш эргүүлсэн хэсгийг нь үнэтэй арьс, өнгийн торго хоргойгоор эмждэг ажээ. Ялангуяа эмэгтэйчүүдийн зах өргөн учир төлөв эргүүлж олон өнгийн хоргойгоор эмждэг. Дээлийн захны эмжээрийг дээлийн өнгөтэй зохицуулж хар, улаан, ногоон, цэнхэр өнгийн хоргойгоор хийх нь элбэг ажээ.
Эрэгтэйчүүдийн дээлийг өргөн эмжиж байв. Дээлийн урт нь нөмгөнд газар хүрэх, харин бүс бүслэхэд хөлийн шаа зэрэгцэх хэмжээтэй байв. Дээл шууж хөөргөн бүсэлдэггүй, дарж бүсэлдэг ажээ. Үзэмчин дээл (үстэй дээл)-ийн энгэр, ташаа, хормой зэргийн тасам өргөн, товч, шилбэний урт түүний өргөнтэй тэнцүү, товчийг бөсөөр зангидахгүй, урчуудын хийсэн төмөр, зэс, мөнгөн товч хадна. Үззмчин дээлийн нударга (туухай үзэмчин) нь цомбогор, салбан гэж хоёр янз. Залуусынх цомбогор, ахмадынх салбан нударгатай байсан.
Өнөөгийн үзэмчин дээлийг нударгагүй, зах, энгэр, ханцуй нь нэг буюу хос тасамтай хийж байна. Харин хааяа дээлийн гадаад хормойг эмжинэ. Мөн дээлийн нь зах нарийн энгэрт зай (амьсгал) хийхгүй, төлөв оноогүй болжээ. Хааяа хөвөнтэй дээл, тэрлэг зэрэгт оноо гаргана.
Ууж нь үзэмчин эзэгтэйн ёслолын өмсгөл юм. Уужны энгэр, цээж хоёр нь хөл, алх гэсэн хоёр анги эмжээртэй. Дээд алх эмжээр нь төө урт, сөөм өргөн юм. Хол шилжээр (эмжээр)-ийг өнгийн солонгон тууз, морин саа зэргээр хийдэг. Уужны хормойн захаар шилжээр, өргөн тасам, солонгон тууз, морин саа барьж эмждэгээрээ бусдаас ялгаатай. Уужинд нь баруун, зүүн ташаа хийдэг бөгөөд ар хормойдоо оноотой байдаг байна.
Эзэгтэйн гэрт өмсөх уужны урд хормойн гуравны хоёр хувийг болон энгэр хэсгийг эмжээд, бусад үлдэхийг нь эмждэггүй болно. Уужны зөвхөн хөл алхан дээр товч хадна. Уужны урд хормойн дээд алх, хөл алх, тэдгээрийн доод биеэр давхар эмжиж, мөн уужны ар онооны дээд биед хушуу гарган эмждэг бөгөөд ууж бүрийн хоёр ташаанд бэл зүүх гогцоо гаргадаг. Уужны товчны бөгсийг солонгон саанд даруулна. Тэгэхдээ долоон өнгийн солонгон эмжээрийн зөвхөн хоёр өнгөнд нь даруулж хадах ажээ.
Уужны урт нь дээлний урттай тэнцүү байдаг. Гэрийн уужнаас гадна гоёлын ууж гэж байдаг. Гоёлын уужинд 7-9 солонгон саа, гэрийн уужинд 5-7 солонгон саа хадаж эмжинэ.


Эрэгтэйчүүдийн хантааз нь гадаад, дотоод энгэр, захтай бөгөөд оноог нь улаан, ногоон, хөх гурван өнгийн бөсөөр эмжээрлэн шаглан оёсон байдаг.
Эмэгтэйчүүд голдуу ногоон, улаан, цэнхэр цамц өмсдөг. Харин эрэгтэйчүүд энгэр, зах, ханцуйг нь эмжсэн цагаан цамц өмсөж, ахмадуудын цамцанд нэг товч, залуусынхад хошоод товч хадсан байна. Цамцыг цээжмэг гэх бөгөөд түүний гадаад хормойг суман энгэр гэж нэрлэнэ. Цамцанд даавуун товч хадахгүй.
Цамц нь урт, богино гэж хоёр янз байсан юм. Урт цамцны зах, энгэр нь дээлийн зах, энгэрийн хийцтэй адил бөгөөд эмжээртэй байв. Урт цамцыг дулаан улиралд гэр зуур өмсөнө. Зуны өмдийг цагаан өнгийн бөс буюу даалимба, ямбуугаар хийнэ. Өмд нь унаа унахад бие барихгүй, уужим, бөх, мөн сэрүүн байхаар бодож тохируулсан байна. Гутлыг булигаараар хийж өмсдөг. Үзэмчин гуталд хээ угалз тавьдаггүй байжээ. Харин сүүл үед хааяа угалзтай гутал өмсдөг болсон. Оймсны хараанд нохой , сүүл, догол хүрээ, хос зээг хээ гаргаж гоёдог ажээ. Гутлын улыг цаас, шир, эсгий мэтийн зүйлээр хийнэ. Үзэмчин гутлын хушуу даруу байдаг онцлогтой. Хийсэн эдлэлээр гутлыг ялган нэрлэхийн сацуу, жилийн аль улиралд ямар ажил хөдөлмөрийн үед өмсөж хэрэглэх зэргээр ялгана.
Үзэмчин малгайн оройд хүрэн өнгийн бөсөөр зургаан хушуу бүхий тав хадаж, түүнийг тойруулж саагаар эмжинэ. Малгайн бүч нь голдуу цэнхэр өнгөтэй байсан ажээ.
Үзэмчин өвлийн малгайн орой нь зургаан хушуутай хөл угала бүхий чимэгтэй, зангидсан товчтой, улаан утсан цацагтай байв. Малгайн оройг хөвөн зулж ширсэн байжээ. Малгайн ар шил, урд саравчийг оёж хийсэн байдгаараа онцлог. Өвлийн малгайг тэргүүнд шууж өмсөх, сөхөж өмсөх, бүчилж өмсөх гэж гурван янз. Ердийн үед өмсөх дугуй малгайн оромд улаан буюу хүрэн өнгөөр хийсэн тав бүхий хар, улаан өнгийин цацагтай, малгайн ар шил болон урд саравч нь цэнхэр, ногоон өнгөтэй байсан ажээ.
Үзэмчин дугуй малгай нь залаа, товч (даавуугаар товч зангидсан), найман салаз хушуутай тавтай бөгөөд түүнийг тойрсон алтан утсан угалзтай байв. Ийм малгайн оройн дугуй хүрээг ширсэн байдаг. Дугуй малгайн ар шилийг буулгах, дотогш нь чихэх гэж хоёр янз хийнэ. Мөн уг малгайг сөхөж тавих, хавчигдэж өмсөх гэж хоёр янз. Үзэмчин ахмад хүний малгайн цацаг богино. Харин залуучуудын малгайн цацаг урт байдаг. Үзэмчин нар малгай, үсний гэр (чиргүүл)-бэл, сүйх ээмэг, уужийг төрийн таван эдлэл гэнэ.
Үзэмчин авгайн гоёлд татуур, хүзүүний зүүлт, сүйх, пайз, ээмэг, чиргүүл орно. Сүйх нь ээмгийг төлөөлөх эд юм. Хувцасны өнгө нь эрэгтэйчүүдийнх хөх, цэнхэр, эмэгтэйчүүдийнх хүрэн, ногоон голдуу байдаг.
Үзэмчин бөхийн өмсгөл (зодог, шуудаг) халхаас өвөрмөц байжээ. Үзэмчин бөхийн цээж өмсгөлийг булигаар, бөсөөр хийх бөгөөд түүний гадна талд төмөрлөг дугуй толь, товруу хадаж гоёдог. Бөхийн шуудагны гадна талаар туушуу гэж нэрлэдэг төмөрлөг товруу гоёл хадаж түүн дээр хээ угалз гаргасан байна. Туушуу нь усан угалз, араа хамба, голд нь пүүз хээ тавих ажээ. Бөх хүзүүндээ гоёл чимэг болгож панс, дурдан хэлхэж зүүдэг байсан ажээ.
Үзэмчин нар уй гашуудлын тусгай хувцас хэрэглэхгүй боловч учирсан зовлонг бусдад мэдэгдэхийн тулд малгайн залаа авч, бүсийг ороож бүсэлдэг байсан. Мөн уй гашуудлын үед бүсийг гогцоо гарган, үзүүрийг унжуулж бүсэлдэггүй.
Хүн нас барахад бие биеийн мэндийг лавлахгүй, харин ажил төрлийг нь асууж лавлах ёстой аж. Мэнд асуувал хүний ам асуусан гэж үзнэ. Бас тамхилах ёсгүй.
Өнөө үед торго, минчүү, сатин, жигүүн, даалимба зэргээр дээл хийж байна. Хурган, сэгсүүргэн дээл өвөлд өмсөнө, Зун сэрүүн үед торго, саатай торго, даавуугаар дээл хийнэ. Залуучууд торгон өмд өмсөж, дээлээ хөөргөж нэлээд доогуур өргөн ороож бүс бүслэх болжээ. Одоогийн дээлийн оёдол бага, хийц хялбархан. Өнөөгийн дээл оноогүй, тасам нарийхан болжээ.

 

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Мардай | 2011-03-03 12:03:46
сайхан мэдээлэл байна.. өөр олон үндэстэн ястаны тухай үнэн бодит мэдээлэл оруулаарай..
2. hawks | 2011-03-03 12:09:24
teer
tehed l hytad ene ter geel sandraad bsan
3. ЗОРИГТ8 | 2011-03-03 12:22:48
үзэмчин байсансан бол сайхан бахархах байсаан...
4. Optimus (зочин) | 2011-03-03 12:32:30
Huutei bolul Minjuur Dorj gj ner ugnuu.
5. anjigai | 2011-03-03 12:57:19
Таныг хүнд хэрэгтэй, сонирхолтой мэдээллүүдийг өөрөө боловсруулан оруулдаг тул ЦАХИУР ХАГАЛАХ БЛОГ хэмээн онцолж БАнжигын нүүрэнд 4 хоног тахин шүтэхээр боллоо.

Илүү олон сайхан зүйлсийг олон түмэн блогчиддоо хүргэж байгаарай.

Баяр хүргэе.
6. anjigai | 2011-03-03 13:00:44
Гэснээс нээрээ би Эрдэнэцагааных шүү дээ. МАнай сумын 3-р бригад буюу зүүн өмнөд талын хэсэгт үзэмчингүүд амьдардаг.

Чи иймэрхүү бичлэгүүдээ БАнжиг мэдээрүү илгээж байвал бид дуртайяа нүүрэндээ тавина шүү.
7. new_tourist | 2011-03-03 17:33:26
Од: чи хагас бүтэн сайнд аялахгүй л биздээ...хааяа нэг утаанаас гараач хө

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.